Эрүүл мэндийн салбарын ажилтны цалин хөлсний шинэчлэл

Эмч нар    Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.3.11-д тусгагдсан эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албаны ажилтны цалин хөлсний тогтолцоог боловсронгуй болгох зорилтын дагуу 2017 онд Эрүүл мэндийн яамтай хамтран эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн ажлын байрыг мэргэшлийн ур чадвар, хариуцлага, ажлын ачаалал, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл гэсэн үндсэн 4 хүчин зүйлээр үнэлэв.
    Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Эрүүл мэндийн сайдын А/107/230 тоот хамтарсан тушаалаар ажлын байрыг онооны аргаар үнэлэх аргачлал, Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/231 тоот тушаалаар Үнэлгээний хороо байгуулж нийт 12 удаагийн сургалт, уулзалт, хэлэлцүүлэг, ажлын хэсгийн хурал зохион байгуулсан. Эрүүл мэндийн байгууллагын шатлал бүрээс нийт 28 байгууллагыг сонгон 2351 эмч, эмнэлгийн мэргэжилтний  ажлын байрыг үнэлгээнд хамруулав.
    Батлагдсан аргачлалын дагуу үнэлгээний үндсэн хүчин зүйлс, дэд хүчин зүйлс болон түүний түвшин, онооны хуваарилалт зэргийг боловсруулж ажлын байрыг 5 үндсэн ангилалд ангилан 75 төлөөлөх ажлын байранд бүлэглэн үнэлсэн. Үнэлгээний хуудсыг SPSS програмаар боловсруулан үр дүнг үндэслэн ажлын байрны ангилал, зэрэглэлийн төсөл боловсруулав.
    Одоогийн мөрдөгдөж байгаа ангилал, зэрэглэл нь тухайн ажлыг гүйцэтгэхэд шаардагдах мэдлэг, дадлага, туршлага, ажлын ачаалал, хариуцлага зэргийг харгалзан үздэггүй зөвхөн албан тушаал болон байгууллагын статусаас хамаарсан шинжтэй юм. Шинэчлэн боловсруулсан ажлын байрны ангилал, зэрэглэлийн төсөл нь тухайн ажлын онцлогийг харгалзсан, ажлын хүндрэл төвөгшил, ажлын ач холбогдлыг харуулсан шатлал, зэрэглэлтэй болсноороо онцлог юм.
Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар 2018 он

Хайлт