Image

Ажлын байрны үнэлгээ

     Цалин хөлсний талаар үндэсний хэмжээнд баримтлах бодлогын 4.2.2.2-т “ажилчдын хөдөлмөрийн хөлсний тарифын сүлжээг салбарын хамтын хэлэлцээрээр ээлж дараатай нэвтрүүлэх, зохих бэлтгэлийг ханган уул уурхайн олборлох салбараас эхлэн тарифын хэлэлцээрийн механизмыг ашиглаж хэвших, яамд, агентлаг, салбарын ажил олгогчдын болон ҮЭ-ийн төлөөллийн чадавхийг дэс дараатай бэхжүүлэх” гэж заасан.
       Үүний дагуу салбарын яамд, ҮЭХ болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамтай хамтран уул уурхайн салбараас нүүрс олборлох дэд салбар, барилгын салбараас цемент үйлдвэрлэлийн дэд салбарыг сонгон авч салбарын цалин хөлсний тогтолцоог боловсронгуй болгох зорилгоор ОУХБ-ын дэмжлэгтэйгээр 2017 онд нийт 5 удаагийн сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулав.
        Сургалтаар ажлын байрны үнэлгээ хийж ажлын ажлын байрны ангилал, зэрэглэл гаргах, цалингийн сүлжээ боловсруулах арга, аргачлалыг холбогдох яамд болон салбарын ҮЭХ-ны ажилтнууд, Багануур ХК, Шарын гол ХК, Адуунчулуун ХК, Баянтээг ХК, Цемент-Шохой ХК-ий инженер техникийн ажилтнууд, хүний нөөцийн ажилтнууд, цалин хөлсний эдийн засагч нарт эзэмшүүлэв.
       Сургалт, хэлэлцүүлгийн явцад дээрх аж ахуйн нэгжүүдэд ажлын байрны үнэлгээ хийж салбарын хэмжээнд мөрдөх ангилал, зэрэглэлийн төсөл боловсруулав. Нүүрс олборлолтын 4 аж ахуйн нэгжид нийтлэг 30 төлөөлөх ажлын байрыг сонгож үнэлгээ хийн үнэлгээний үр дүнд үндэслэн ангилал, зэрэглэл гаргасан. Харин цемент үйлдвэрлэлийн салбараас “Цемент-Шохой” ХК-ийг сонгон 54 ажлын байранд үнэлгээ хийн ангилал, зэрэглэлийн төсөл боловсруулав.
    Аж ахуйн нэгж, байгууллагын болон салбарын цалин хөлсний тогтолцоог  шинэчлэх, ажлын байрны үнэлгээгээр гарсан ангилал, зэрэглэлийг нэвтрүүлэхэд тулгарах бэрхшээлийг хэлэлцэн шийдвэрлэх зорилгоор “Шарын гол” ХК-ийн удирдлага, ажилтнууд болон ОУХБ-ын зөвлөхүүдийг оролцуулсан уулзалтыг “Шарын гол” ХК-д зохион байгуулав. Мөн үнэлгээний үр дүн болон төслийн үр дүнг нийгмийн түншлэгч байгууллагуудад танилцуулсан нэгдсэн хэлэлцүүлэг зохион байгуулав.    
     Цаашид ангилал, зэрэглэлийн төслийг салбарын хамтын хэлэлцээр болон байгууллагын хамтын гэрээнд тусгах, цалингийн сүлжээ боловсруулах, салбарын хэмжээнд сургалтад хамрагдсан ажилтнуудын төлөөлөл бүхий салбарын үнэлгээний хороо байгуулж уг үнэлгээний хороо бусад дэд салбаруудад ажлын байрны үнэлгээ хийж цалин хөлсний тогтолцоог боловсронгуй болгох зэрэг ажлуудыг салбарын байгууллагууд үргэлжлүүлэн авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.  
Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар 2018 он

Хайлт